Украины нацист хөдөлгөөний тэргүүлэгчийн талаар тун хомс мэдээлэлтэй байсан нь ажиллагааны үйл явцад сөргөөр нөлөөлж байв. Гэвч тун удалгүй нэгэн мэдээлэл ирсэн нь зөвлөлтийн тусгай албаныханд хороогдсон хамтран зүтгэгч болох Коновальцынхаа оршуулах ёслолд Бандера оролцоно гэсэн тул Сташинский Голландын Роттердам руу яаравчлан хөдлөв. Оршуулгын газрын үүдэнд Бандерагийн унадаг "опель" маркийн автомашин зогсож байсан бөгөөд Сташинский цогцсонд аль болох ойрхон зогсож, Бандерагийн гэрэл зургийг авах гэж оролдсон боловч бүтэлгүйтсэн байна. Гэхдээ өөрийнхөө байг нүдээр харж, царайг нь сайтар тогтоож чадсан нь том амжилт байлаа. 1959 оны эхээр Москвагаас ажиллагааг түргэсгэх даалгавар ирлээ.
Сташинский Бандераг мөрдөх зорилгоор 4 удаа Мюнхенд очсон хэдий ч онцын үр дүнд хүрсэнгүй. Харин Бандерагийн Поппель хэмээх нууц нэрийг нь мэдэж авснаар телефон утасны жагсаалтан дээрээс түүнийг Крейтмайрштрассе гудамжны 7 дугаар байшинд амьдарч буйг тогтоон, улмаар уг байшинд нэвтрэхийг удаа дараа оролдсон боловч орц нь үргэлж цоожтой байсан тул чадсангүй. Нэгэнт объектын байрлалыг тогтоосон тул Сташинский орцны хаалганы түлхүүрийг олох, мөн аллага үйлдэх зэвсгээ авах зорилгоор Москвад очив. Уг зэвсэг нь Ребетийг устгасан зэвсэгтэй ерөнхийдөө төстэй боловч 2 гол төмөртэй, нэг болон хоёулангаар нь буудаж болохуйцаар хийгдсэн байлаа. Түүнчлэн 5 төрлийн түлхүүрийн загварыг мөн авчрав.
Сташинский авчирсан түлхүүрүүдээ бүгдийг нь хийж үзсэн боловч аль нь ч таарсангүй. Нэг түлхүүр нь хугарч, орцны хаалганы цоожны хөндий дотор үлджээ. (Хожим нь дээрх хугархай түлхүүрийг германы цагдаа нар олсон бөгөөд энэ нь Сташинскийн мэдүүлгийг нотлох чухал баримт болсон юм.) Гэхдээ Сташинский орцны түлхүүрийн хэвийг баримлын шавар дээр буулгаж авч чаджээ. Тэрээр байшин руу нэвтэрч чадаагүй тул Бандераг гарч ирэхэд нь ойртохыг оролдсон боловч бас л бүтэлгүйтэв.
Гуравдахь удаа Мюнхенд ирэхдээ шинэ түлхүүрийн хувилбаруудтай ирснээс нэг нь азаар таарч, орц руу ороод 4-р давхарт Поппель гэсэн хаягтай хаалга байхыг анзаарав. Орцны дотоод зохион байгуулалт, цахилгаан шатны ерөнхий байдлыг сайтар судалж, түлхүүрээ бөгжиндөө найдвартай бөхөлж, удаа дараа сургуулилт хийснээр хаалгыг төвөггүйхэн онгойлгож сурчээ.
1959 оны 10-р сард Сташинский сүүлчийн удаа Мюнхен рүү явав. Тэрээр аллагын шинэ зэвсэг, хорны ерөндөг, хуурамч баримт бичгүүдээ авч явлаа. Өдрийн 13 цагт Бандераг гражид машинаа тавьж буйг харсан Сташинский түүнээс түрүүлэн орц руу орж, шатаар дээш өгсөв. Бандера цахилгаан шатаар явдаггүй болохыг Сташинский ажиглаж мэдсэн байлаа. Дээд давхарт эмэгтэй хүмүүсийн ярилцах чимээ дуулдахад сэжиг авахуулахаас болгоомжлон буцаж уруудан 2-р давхарт очоод лифтний дуудах товчийг дарав. Энэ үед дээд давхраас мөнөөх эмэгтэйчүүд буун түүнд дөхөж ирсэн бөгөөд лифт ч мөн ирж, Бандера орцны хаалгыг онгойлгохоор оролдож эхэлсэн тул Сташинский хаалга руу явахаас өөр аргагүй болжээ. Бандера баруун гартаа хүнд цүнх барьсан байсан ба зүүн гараараа халааснаасаа түлхүүр гаргаж ирэхээр оролдож байх үед Сташинский хонгилоор алхаж байсан ба түүнд дөхөж очих үед нь Бандера хаалгыг онгойлгоод Сташинскийг гаргахаар хөлөө хаалганд тээглүүлэн зогсож байв. Сташинский нэг гараараа хаалганаас барингаа Бандера руу эргэн:
-Цоож эвдэрчихсэн юм уу? хэмээн германаар асуухад нь Бандера:
-Үгүй ээ. Бүх юм хэвийн хэмээн хариулав.
Сташинский хуйлсан сонингоор халхавчилсан хорт бодистой зэвсгээ Бандерагийн нүүрэнд нь тулган буудаад хаалгаар гарах үед Бандера үхэдхийн унаж буй харагдав.
Сташинский түлхүүрээ замын ус зайлуулах нүх рүү, зэвсгээ голын усруу хаяад гал тэргээр Франкфурт руу, тэндээсээ онгоцоор Берлин рүү явав.
Бандераг доод давхраас бус харин гурав, дөрөвдүгээр давхрын дундахь талбайгаас олсон бөгөөд чангаар хашхирч, нүүр нь хөх, хар толбоор цоохорлогдсон байжээ. Түүнчлэн Бандера тэр даруйдаа бус харин эмнэлэг хүргэгдэх замдаа нас барсан ба задлан шинжилгээгээр цианит кали хэмээх бодисоор хордуулсан нь илэрсэн байна.
Зүүн Берлинд очоод "Варшав" хэмээх зоогийн газарт удирдлагатайгаа уулзан Москва руу буцах даалгавар авав. "Хүнд хэцүү нөхцөл байдалд улсын онц чухал үүрэг даалгаврыг нэр төртэйгээр биелүүлснийг нь" үнэлэн Сташинскийг Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн зарлигаар Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.
Түүнд зориулан өндөр хэмжээний хүлээн авалт зохион байгуулав. Сташинский нэр хүндийн оргилд хүрч, ёстой л тосонд умбаж, торгонд хөлбөрөх мэт байлаа. Түүнийг дахин бэлтгэж, Англи болон Америкийн нэгдсэн улс руу илгээхээр төлөвлөж байлаа...
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...Сэтгэгдлүүд
2011-06-23 -
Бичсэн: amaahai76
тэр бол мэдээж. гэхдээ цэвэрхэн хийж чадаагүй л дээ золигнууд.
2011-06-20 -
Бичсэн: dadido
Литвиновыг бас л иймэрхүү аргаар хуссан байх даа