amaahai
Dateline: 2013-02-20
МИНИЙ ЭМГЭНЭЛ

          UBS телевизийн Universe best song хэмээх шоуны 2013 оны шалгаруулалт эхлээдэхжээ хөөрхий. Уг нь үзүүштэй дажгүй нэвтрүүлэг л дээ. Дуулж чадаж байгаагаар нь бахархаад, дуулж чадаагүйг нь сэтгэлдээ өмөөрч, бас зоригийг нь үнэлээд, инээдтэй зүйл гарвал сайхан  инээчхээд, бухимдах юм гарвал бухимдчихаад л үзээд суудаг дажгүй сайхан шоу гэж би боддог.

          Гэтэл бурхан минь саяхны нэг дугаарыг нь үзсэндээ би үнэхээр их харамслаа. Учир юун хэмээвээс Америкийн нэгдсэн улсад 14 жилийн туршид эцэг эхтэйгээ амьдарч байгаад ирсэн гэх нэгэн охин байх. Хөтлөгч Анууш түүнээс ярилцлага авч байна аа. Ямар дуу дуулах вэ энээ тэрээ гээд л асуув. Гэтэл мань охин яг л дөнгөж монгол хэлэнд суралцаж эхэлж буй гадаад хүнтэй эгээ ижил хэлбэрээр ярьж эхэлдэг байгаа даа. Миний муу МОНГОЛ ХЭЛ-ийг хөрөөдөөд, хагалаад, цуулаад, галд түлээд, үлдсэн жаахан үнсийг нь хогийн саванд асгаад л дуусгаж байх юм даа. Тэгээд би хэсэгхэн зуур өөртөө эргэлзэж, бас баахан тээнэгэлзэв. "Энэ арай ч монгол хүн биш байх аа. Ази тивийн аль нэг орноос манайхыг зорин ирсэн нэгэн биз" гэж бодов. Гэтэл миний аз дутаж яахын аргагүй монгол нэртэй байж таараад, бас манай гэрийнхэн нотлоод би үнэхээр хүсээгүй ч үнэнд гүйцэгдэж итгэхээс өөр аргагүй болж орхив.

          Гадаад хүн монголоор ингэж ярьсан бол харин ч гүнээ хүндэтгэн сонсох байлаа.  Түүний хажууд шүүгч Рагу Раман хэмээх гадаад эр, бас бишгүй олон жил оросод амьдарсан гэх Амархүү нарын монгол хэлний мэдлэг нэлээн боломжийн байдлаар дээшилсэн нь илт харагдаж байсан нь талархууштай санагдсаныг хэлэх юун.

          Гэхдээ тэр охины буруу ч гэж юу байх вэ дээ. Үр хүүхдээ хэн ч биш болгож, үндэснийхээ хэл, соёлыг үр хойч үедээ заан сургаж, өвлүүлж үлдээх үүргээ уураг тархинаасаа арчиж хаячхаад ичих ч үгүй БИ МОНГОЛ ХҮН  хэмээн хий хоосон хашхирах хариуцлагагүй эцэг эхчүүд ичиж амьдраад, сармагчин болж, ойд төөрвөл таарна.

          Энэ байдлаараа удаан үргэлжилбэл миний монгол хэл монгол хэмээх үндэстэнтэйгээ хамт үгүй болж хоцрох нь ээ. Тэр эмгэнэлт цаг үеийг үзчихгүй юм сан гэж өглөө болгон бурханд залбирч, монгол хэл, монгол улсын хил мөнхөд оршиг гэж хөх тэнгэртээ мөргөөд, хааяахан хэдэн үг эвлүүлж бичихээс өөр чадах зүйл надад даан ч алга.

          Гэхдээ би дахиад нэг удаа давтаад хэлчхэе. Оюун санаагаараа эрлийзжиж, ухамсар сэтгэхүйгээрээ хурлийз болсон хэрнээ өөрсдийгөө агуу мундаг, айхтар том хэмээн дэмий хөөрөгдөж, худлаа онгировч үнэн хэрэгтээ өт хорхойн чинээ сэтгэж үл чадах өчүүхэн эсүүд мэргэн ухаантны дүр эсгэхээ болиод дээд тэнгэрээсээ доошоо бууж ирээд урьд нь хэн байснаа эргэн нэг санаж, үр хүүхдүүдээ  өөрсөд шигээ болгочихгүй явбал хожмын нэгэн өдөр хойч үе чинь та нарыг өршөөн хэлтрүүлэх биз хэмээн найдаж сууя даа. 

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2013-05-07 -

Бичсэн: Амараа (зочин)

Залуу минь нийтлэлүүдийг чинь их уншлаа энэ блогоо сайн хөтлөөрэй байнга орж байнаа амжилт

. Шууд холбоос





:-)
 
xaax