Өөрийгөө хүн хэмээн итгэгч, ухамсар дорой өчүүхэн амьтас хийгээд түүнээс долоон доор өт хорхойн чинээ уураг тархитнуудад зориулав.
Хүмүүн төрөлхтөн хэмээгч нь ухаантай гэх хэдий ч тэнэг нь дэндсэнээрээ алдартай байх юм даа. Тэгээд хэн нэгэн этгээд ямар нэгэн үйлдлийг хожим гарах хор уршгийг нь үл тооцоолж, сэтгэлийн хөдөлгөөн, уураг тархины багтаамжиндаа тааруулан төсөөллөөрөө хийчхээд харамсан амаа барих боловч нэгэнт өнгөрсөн цаг хугацааг эргүүлэн авч болдоггүйгээс хойш үхээд өгье ч гэсэн үл засагдах агуу том алдаа болон хувирах ажээ.
Гэхдээ алдаа хийснээ ойлгон гэмшээд, хожим хойно дахин давтахгүйг хичээгчид нь ухаантайд тооцогдож, харин алдаа хийснээ огтхон ч үл хүлээн зөвшөөрч, өөрийнхөөрөө зүтгэн мугуйдлагч хүмүүн нь тэнэгийн тоонд ороод оюун ухааны хөгжил хийгээд ёс суртахууны төлөвшил зэргээрээ бусдаасаа доошоо орж, гадуурхагдан шоовдорлогддог билээ.
Илжигний чихэнд юуг ч хийгээд нэмэргүй байдгийн адил тэнэг , зөрүүд, гаж этгээдүүдтэй юу ч яриад, юуг ч тайлбарлаад хэрэггүй гэдгийг би нэгэнт ойлгож авав. Учир нь тэд нэгэнт таныг үл ойлгон ойшоох бөгөөд өөрөөсөө бусдыг доорд үзэн, өөрийгөө агуу мундаг ухаантай хэмээн хэт том толгойлж, тэнэг үйлдлүүдийг удаа дараалан хийснийхээ төлөө хамтран зүтгэгч, анд нөхдөө бие махбод, оюун санаа, эд материалын дарамтанд оруулж, эцэст нь өөрөө бэрхшээлээс зугтан хар амиа хоохойлж аль нэг аялаг, тавлаг газар гэдсээ илэн тарвалзан хэвтэх бүлгээ.
Харин мөхөс миний бие дээр дурьдсан төрөлтнүүдийг хүн хэмээн үл үзнэ. Хүний хэлээр яриад байхад үл ойлгогчдыг хүн гэж хэлэхэд нэн хүндрэлтэй, угаасаа огт боломжгүй учир хүн дүрст амьтан, эсвэл хүний дүрийг сайтар хуулбарласан сармагчин хэмээн нэрийдвээс зохилтой.
Сармагчин тэргүүтэн адгуусан амьтад төрөлтэйгээ л нийлдэг, харин оюун ухаан нь ажиллагаатайгаа байгаа хүн төрөлтөн хүнтэйгээ л зохицдог жамтай. Учир иймээс амьтан нь амьтнаа хий хоосноор дэвэргэн баясгаж, худлаа үгээр хөхүүлэн дэмжсэнээр өнөөх нь улам л доошоо орж, өт хорхойн зиндаанд хүрэх бөгөөд үүнийг нь зүгээр харж үл тэвчих хүн төрөлтөн үнэн мөнийг нь шүүмжлэн хэлснийхээ төлөө гадуурхагдан доромжлогдож, доог тохуу болдог ажээ.
Гэсэн хэдий ч хүн дүрст амьтан хэзээ нэгэн цагт өөрийнхөө бурууг ухамсарлан ойлгож, жинхэнэ хүн төрөлтөн болно гэдэгт мөхөс миний бие итгэдэг болой.
Сэтгэгдлүүд
2012-03-12 -
Бичсэн: amaahai76
иймэрхүү зүйл нь миний амьдралыг там болгож, үр хүүхдийг минь өлсгөж, хүсэл мөрөөдлийг минь баллах гээд байхаар үл тоож болохгүй нь гачлантай юм даа. Гэхдээ зүгээр ээ. Бухимдлаа гээд ямар боогоод үхчих биш ккк...
2012-03-11 -
Бичсэн: Turbold
Бас л бухимдаж бичсэн байна шүү. Тайвширсан уу?
Иймэрхүү юмыг тоох хэрэггүй ээ. Зүгээр зөнгөөр нь үлдээсэн дээр.