amaahai
Dateline: 2012-11-16
БӨӨН БӨӨН ЭРГЭЛЗЭЭНҮҮД

 Сүүлийн үед миний дотор нь амьдраад байгаа улс, хэвлийд нь оршоод байгаа дэлхий, эсийнх нь тоонд ороод яваад байгаа ертөнцөд болж буй аливаа үйл явдал, үзэгдлүүд нь үнэхээр бодитой болоод байна уу? эсвэл зүүдлээд байна уу? эсвэл хэн нэгний тохуурхан даажигнал, хий хоосон тоглоом наргиан уу гэдгийг ойлгохоо байгаад өөрийн нүд, чих тэргүүтэн таван мэдрэхүйдээ огтоос үл итгэн эргэлзэх болсон тул эрхэм хүндэт блогчин нөхөд та бүхнээсээ асуун шалгааж эргэлзээгээ тайлмаар санагдсаны учир мөхөс миний бие дуртай дургүй хэдэн үгийг сараачихаар шийдсэн нь энэ болой.

Эргэлзээн 1: 6-р сарын 28-нд манай монголд яг юу болоод өнгөрөв өө гэж... Сонгууль уу ЖОНХУУ юу? Лав л жинхэнэ сонгууль гэхэд би итгэхгүй ээ. Мөнөөх л МАНАН баахан суудал авчихсан өөр хоорондоо хөлөө жийлцэж төрийн эрхийг булаалдаад л, хажуугаар нь МАХН гэж нэг нөхөр бөөн хор найруулж, ийш тийш үсчээд л... Ёстой нэг жонхуу шиг юм болж байна даа. Новшийн улс төрчид огтхон ч нүүр нь улайж, нүд нь дальдчихгүйгээр шударга иргэний дүрийг эсгэцгээн худлаа бурсан шиг манай хэдэн хөгшчүүлийн тархийг нь угаачих гэж баахан оролдов.

МАНам сонгуульд ялагдсан буруугаа машин руу чихэж байгаа харагдана. Гараар тоолох нь дээр юм байх аа. Гэхдээ цаадуулын чинь зөв ч байж мэднэ. Учир юун хэмээвээс тэдний төлөө саналаа өгдөг өнөө хэдэн ахмадууд нь шинэ маягийн сонгуулийн хуудсыг зөв бөглөж чадаагүйн улмаас МА намын төлөөх ихэнх санал хүчингүйд тооцогдсон байх магадлал тун өндөр байгаа нь илэрхий юм аа. Тэгэхээр хяналтын тооллогыг нь хийлгэчих хэрэгтэй мэт.

Эргэлзээн 2: Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяраар би хуушуур идэв үү шороо идэв үү гэж... Уг нь хөөрхий яахав дээ мөхөс би бүүр бага байхаасаа л аав, ээжийгээ дагаад Яармагийн дэнж дээр наадамлаад заншчихсан болохоор өөрийн эрхгүй л Хүй долоон худаг руу гэрийнхнээ дагуулаад явсан билээ. Мэдээж тэнд очоод хуушуур аваад идээдэхэв. Гэтэл үгүй юм аа. Гаднаас нь харахад хуушуур атлаа зажлаад үзэхээр шороо шажигнаж байгаа юм даа. Ингэж би нэлээн өндөр үнээр улаан шороо худалдаж авч идэж үзэх шив дээ хөөрхий.

Эргэлзээн 3: Монгол бөх гэж спорт юм уу, арилжаа юм уу аль эсвэл авилгалын ил тод хэлбэр юм уу гэж... Төрийн сайд нь хүртэл нутгаасаа цолтой бөх төрүүлэх гэж хэн нэгэнд мөнгө төгрөг төлж байснаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаж, дунд нь хутгалддаг улсын цолтой бөх хүртэл үүнийг нотолж байх жишээтэй. Хоёрын хооронд ингэж хов жив хутгуурын бай болгож байхаар үндэсний бөхийн найраа гээчийг даваа тус бүрээр нь тариф тогтоогоод хуульчлаад өгчихвөл хэн хэндээ хал балгүй амар хялбар мэт санагдана. Яахав 55 кг жинтэй, 17-той пацаанд мөнгө нь байдаг юм бол улсын цол хүртээгээд байвал улс эх орны хөгжилд саад тотгор бологч далд эдийн засаг гэгчээс 1 ширхэг нь алга болох юм биш үү?

Эргэлзээн 4: Машины замыг засав уу, жонхуудав уу гэж... Хараад байх нээ хэдэн нөхдүүд осолдохгүй л засаад байх шиг. Гэтэл зассан гэх зам нь энд тэндээ нүх сүвтэй, урьдахаасаа дээрдсэн юм огтхон ч үгүй л байх юм. Мөнгө төгрөг энэ тэрээг авч идчихээд бурууг нь бороонд тохчихоод л сууж байх манайхан нээрээ үнэхээр амгалан улс юм даа. 

Заа заа больё. Эргэлзэж гүйцлээ. Унтаж амрах минь.

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2014-04-05 -

Бичсэн: upshot

Эргэлзэн гэдэг чинь бас нэг төвшин байх л даа.

. Шууд холбоос





:-)
 
xaax